Э.Энхпүрэв: Арван настайдаа аравдугаар ангийнханд хичээл заадаг байлаа “Дэлхийн боловсролыг Монголд бус, Монголын боловсролыг дэлхийд” хэмээн уриалдаг “Ес-Эрдэм” дунд сургуулийн захирал, докторант Э.Энхпүрэв МУБИС-д “Ерөнхий боловсролын эрчимжүүлсэн сургалтын технологийн шинэчилсэн хувилбар” сэдвээр докторын зэрэг хамгаалахаар суралцаж байгаа гэнэ. Тэрбээр бусад хүүхдийн адилаар долоон настайдаа ерөнхий боловсролын сургуульд элсэн орж, анги алгасаж амжилттай суралцсаар 12 настайдаа дунд сургуулиа төгссөн билээ. Мөн 2002-2005 онд ШУТИС-ийн программ хангамжийн анги, 2005 онд “Гурван-Эрдэнэ” дээд сур гуулийн бага ангийн багш, боловсрол судлалын ангийг төгсөж, 2006 онд “Орхон дээд” сургуульд боловсрол судлалын магистрын, 2009-2010 онд Удирдлагын академид удирдахуйн ухааны магистрын ангийг дүүргэжээ. Монголын боловсролын тогтолцоог шинэч лэхээр зорьж яваа түүнтэй ярилцлаа. -12 настайдаа оюутан болж байсан гэхээр чиний хүүхэд нас их завгүй өнгөрсөн байж таарна? -Жирийн л цэцэрлэгт өнгөрсөн. Цэцэрлэгийн ахлах бүлэгт байхад ээж минь тоо заасан. Тэгээд цэцэрлэгт байхдаа тэмцээнд оролцоод тавдугаар байр эзэлж байлаа. Уг нь намайг нэгдүгээр байранд орно гэж бодсон юм билээ. Түүнээс хойш ээж намайг цэцэрлэгээс гаргаж, унших, бичих, тоо бодохыг заасан. Энэ чадварыг нэгдүгээр ангидаа орохоос өмнө эзэмшсэн байсан учир шууд хоёрдугаар анги руу алгассан юм. Бага байхад надад ээж өдөрт хоёр цаг хичээлээ хийж бай гэж үргэлж захидаг байсан. Тэгээд өдөр бүхэн, төрсөн өдрөөрөө хүртэл хоёр цаг хичээл хийдэг байв. Нэг л мэдэхэд хэвшил болж, хичээл хийхгүй нэг л өдөр гарвал дарамттай хэцүү санагддаг болчихсон. Хичээлээ бага багаар хийгээд байхаар аяндаа гүнзгийрчихдэг юм билээ. -Ээж тань багш байсан юм уу? -Тийм. Ээж маань ХААИСийг төгссөн. Инженер багш. Тавдугаар ангид байхад ээж “Миний хүү, ээжийнх нь зааж өгөх юм дууслаа. Үүнээс хойш өөрөө сур” гэсэн. Шинэ бодлого, сэдэв рүү их орно. Тэр болгонд нь би дуртай байдаг байсан. -Сониуч, их авхаалжтай хүүхэд байж? -Харин тийм. Тэгээд ном үзэж шинэ сэдэв рүү орсоор, хурдхан шиг л дуусгах юмсан гэж боддог болсон шүү. Арван настайдаа конкурст бэлтгэж байгаа аравдугаар ангийн хүүхдэд хичээл заадаг байлаа. Суралцахын зэрэгцээ хүүхдүүдэд давтлага өгөөд байхаар хичээл, мэдлэг зүрх сэтгэлд шингэнэ. -Ямар ном унших дуртай байв? -Үлгэрийн ном их уншдаг. Ялангуяа монгол ардын үлгэр. Энэ нь намайг өгүүлбэртэй бодлого бодож сурахад их тусалсан. Учир нь өгүүлбэртэй бодлогод томъёо байдаггүй. Тиймээс өгүүлбэрийг нь уншаад ойлгосны үндсэн дээр дүгнэлт хийж боддог. Ер нь үлгэрийн ном уншвал хүүхдийн ухаан сайн задарч өгдөг. Өгүүлбэртэй бодлого бодоход өгүүлбэрийг ойлгох нь чухал. Тухайлбал, ширээ гэхээр дээрээ тавцантай, дөрвөн хөлтэй зэргээр хүмүүс нэрлэх болно. Үүний оронд атом гэвэл хүмүүс мэддэг мөртлөө яг юуг хэлээд байгааг нь илэрхийлж чаддаггүй. Хүүхд үүд өгүүлбэрээ ойлгоод ирэхээр аяндаа өгүүлбэртэй бодлогоо сайн бодож чадна. Бодно гэдэг чинь уншихтай л адил. -Багадаа уншсан үлгэр үүдээс сэтгэлд тань хоногшсон ямар үлгэр байдаг вэ? -Эрхий мэргэн харваачийн үлгэр. Долоон нарыг эхнээс харваад л. Тэр үлгэрийг уншаад ээж бид хоёр үлгэрийн ном хийж, Японд үлгэрийн номын үзэсгэлэнд оролцож байсан. Би тэр үлгэрийг уншаад долоон нар гарахаар амьдрал байдаг л юм байх даа гэж гайхаж байсан. Их сониучхан. Тэгсэн чинь тэр үзэсгэлэнг сонирхсон хүүхд үүд долоон нартай бол энд амьд организм оршин тогтнох аргагүй гээд л гайхаж байсан. -Чи сургуульдаа багшилдаг байх аа. Хүүхдүүдэд зааж байгаа арга барил чинь бусад багш нарынхаас өөр гэж сонссон? -Хүүхэд бүр өөр өөрийн онцлогтой учир тогтсон арга барил гэж байдаггүй. Өсөж төрсөн орчин, аав ээжийн арга барил бүр өөр. Тиймээс хүүхэд бүрт өөр өөр аргаар хичээл заах хэрэгтэй. Гэхдээ хүүхдэд бэлэн юм өгөх бус өөрт нь даатгах хэрэгтэй. Учир нь хүүхэд өөрөө өөртөө хамгийн сайн багш. Өөрийнхөө дотоод дуу хоолойг сонсож, өөрийгөө зөв нээх хэрэгтэй. -Зорилгыг яагаад чухалд авч үздэг вэ? -Мөрөөдөлдөө хүрэхийн тулд зорилго тавина гэдэг нь түүндээ хүрэх гүүрийг босгож байгаа хэрэг. Хий хоосон мөрөөдөөд суух нь амжилтаасаа ухарч байгаагаас ялгаагүй. -Докторын ажлынхаа сэдэвтэй холбоотойгоор чамайг саяхан Герман яваад ирсэн гэж дуулсан? -МУБИС-д докторын зэргээ урьдчилсан байдлаар хамгаалсан. Нийт 11 удаа хамгаалалт явуулдаг юм. Түүнээс есөн удаагийн шалгуурыг давлаа. “Ерөнхий боловсролын эрчимжүүлсэн сургалтын технологийн шинэчилсэн хувилбар” сэдвээр докторын ажлаа бичсэн. Эрчимжүүлсэн гэдэг үг бол нягтаршуулсан, бие даалгасан, интеграцчилсан гэдэг үгийн нийлбэр юм. Энэ ажилдаа би хүүхэд бие даагаад амжилттай сайн суралцах талаар тусгасан бөгөөд үүнийг сургуульдаа нэвтрүүлж байна. -Боловсролын шинэчлэлийн талаар их ярьж байгаа. Чиний бодлоор ямар шинэчлэл хэрэгтэй вэ? -Шинэчлэх тухай олон хүн ярьдаг. Кэмбрижийн их сургууль бол Америкаас гаралтай. 1700-гаад оны дунд үед боловсролын хуулиа баталж, тунхаг бичиг гаргасан байдаг. Тухайн үед одоогийнх шиг хүчтэй технологи байгааг үй, ном ч ховор байсан. Тиймээс 12 жил сурахаас өөр аргагүй. Үүнийг уг нь дэлхий нийтээрээ анхаарах ёстой юм. Тэгсэн чинь манайхан хүртэл дагаад 12 жил болгочихдог. Зөвхөн ерөнхий боловсрол эзэмших нь хангалттай бус, бидэнд сурах зүйл зөндөө байна шүү дээ. Монголын хүүхдүүд толгой сайтай учраас л олон улсын чанартай уралдаан, тэмцээнд амжилт үзүүлж байгаа. Түүнээс биш боловсролын тогтолцоо сайндаа биш юм. Хоёрдугаарт, эцэг, эхчүүд хүүхд үүдээ багаас нь Орос, Хятад цэцэрлэг, сургуульд явуулж байна. Гэтэл хүний сэтгэхүйн үйл ажиллагаа сурч буй гадаад хэлнээс шалтгаалж байнга өөрчл өгдөж байдаг. Эх хэл уствал улс үндэстэн мөхнө. Хүүхдүүдийг ядаж л I-V анги хүртэл нь монгол хэлний хичээлийг нь сайн давтуулж, үгийн баялгийг нэмэгдүүлэх, зөв сайхан бичихийг заах ёстой. Монголчууд өнөөгийн байдлаар өдөр тутам 5000-хан үг хэрэглэж байна. Д.Пүрэвдорж гуайн номд монголчууд өдөр тутам хэрэглэдэг гурван сая үгтэй байсан гэсэн байдаг. Гурван сая үгийн цаана гурван сая үйл хөдлөл бий. Цаашлаад маш их мэдлэгтэй байсны илэрхийлэл. Одоо бол монгол хэлний тайлбар толь дээр 60.000 үг байна. Гадаадын сургуулийн жишгийг аваад үзье л дээ. Хятад, Солонгос, Америкийн их, дээд сургууль элсэлтийнхээ бүх шалгалтад өөрийн үндэстнийхээ хэлний шалгалтыг заавал оруулдаг. Тэгтэл Монголын их, дээд сургуулиуд элсэлтийн шалгалтаа монгол хэлээр авахгүй л байна шүү дээ. -Өөрийн тань ширээний ном ямар ном байна вэ? -Монгол хэлний тайлбар тольтойгоо зууралдана даа. Мэдэхгүй үг гарч ирэхээр нь төстэй үгийг нь хайгаад явчихдаг. Тухайлбал, боловсрол гэдэг үг 8-9 утгатай. Үндсэн утгаас гадна мэдлэг, чадвар, сурах зэрэг утга илэрхийлж байгаа юм. Эдгээр үгнээс дүгнээд хэлэхэд боловсрол гэдэг боловсрохын ухаан юм байна гэдгийг ойлгосон. Ерөөсөө л өөрийнхөө бие бялдар болоод оюун ухааныг зэрэг хөгжүүлэх явцыг боловсрол гээд байгаа юм. -12 жилийн сургалтыг монгол хүүхдүүд 8-9 жилд багтаан эзэмших боломжтой юу? -Ерөнхий боловсролын тогтолцоог найман жил болгон өөрчлөх боломжтой. Сурлага сайтай хүүхэд бол дөрвөн жил үзэх хичээлийг хоёр жилд багтааж сурдаг. Ялангуяа манайх шиг буурай оронд бүтэн жилийн хугацаанд шинжлэх ухааны суурь мэдлэг авахад зарцуулах мөнгийг тооцоод үзвэл маш их зардал гарч байгаа. -Facebook хуудсанд чинь загас барьж байгаа зураг байсан. Загасчлах дуртай юу? -Би загасчлах дуртай. Сая хөдөө яваад ирсэн, харлачихсан байгаа биз дээ. Загасыг заавал барих нь гол биш шүү дээ. Голын урсгал хүнийг тайвшруулж, стресс тайлдаг. Загас барих гээд сууж байхад юу ч боддоггүй. Маш сайхан амралт болж чаддаг учраас загасаа барингуутаа усанд нь буцаагаад тавьчихдаг. Дээрээс нь голын усаар цайгаа чанаад, хоол хийж идэх сайхан. Энэ жил Булган, Архангай явсан. -Удахгүй хичээлийн шинэ жил эхлэх гэж байна. Хэр бэлтгэж байна вэ? -Сурагчдаа хүлээж авах бэлтгэл 100 хувь хангагдсан. Бид бүх насаараа есдүгээр сарын 1-нийг тэмдэглэх юм байна даа гэж саяхан бид ярилцаж байлаа. Багадаа энэ өдрийг хүлээж, догдолдог байсан, одоо ч хэвээрээ. Би ерөнхий боловсролын сургууль, их сургууль суралцаж байхдаа Хонхны баяр тэмдэглэж үзээгүй. Бүгдийг нь алгасаад явчихсан. Сургуулиа байгуулснаас хойш 7-8 жил Хонхны баяр хийж байна. Юм гэдэг учиртай, ингэх байсан болоод л багадаа хонхны баяр хийгээгүй юм байлгүй дээ гэж боддог. Эх сурвалж: http://zaluu.com/
|
2014-03-26 - Thanks for shragni.